Монголын түүхэн газрууд

Бичлэгийн тоо : 6 | Дэлгэцэнд : 1-6

Хар хот - мөхсөн хотын түүх

2010-05-21 11:55:46

Хар хот

Монголчууд түүхэндээ олон хот тосгод байгуулж, хөгжүүлж ирсэн ард түмэн.  Монголчуудын байгуулж хөгжүүлж байсан хот балгадаас бидний үед бүтэн үлдэж ирсэн нь бараг байхгүй байгаа нь түүхийн үнэн.  Энд Их Монгол, Юань улсын үед цэцэглэн хөгжиж Хятад, Монгол, Дундад Азийг холбож, их торгоны замын гол уулзварт байсан Хар хотын тухай өгүүлье.  Их говийн элсэнд дарагдаж, сураг тасарсан энэ хотын тухай хүмүүсийн дунд чөтгөр шүглэсэн, хий үзэгдлийн хот гэсэн яриа ам дамжигдан яригдсаар 20-р зуунд хүрчээ.  Энэ хотын тухай анхны мэдээллийг Марко Поло анх Европчуудад хүргэсэн.  20-р зууны эхээр оросын нэрд гараагүй судлаач П.К.Козлов төв азиар аялж байхдаа нутгийнханы мэдээллийн дагуу олж илрүүлсэн байдаг.  Түүний олсон энэ хот Тангудын Хар хот болох нь батлагдаж тэрээр дэлхийд нэрээ гаргасан том археологич болсон юм.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймаг Эзний голын эрэг орчим газарт Хар хотын балгас бий.  Монгол улсын хилээс холгүй 100 орчим км-т байдаг.  Хар хоттой холбоотой олон домог яриа байдаг.  Хар хотыг цэргийн бэхлэлт хүрээ хэлбэрээр Баруун Сяо буюу Тангудууд 1032 онд байгуулагдсан гэж үздэг. 1032-1227 оныг хүртэл Тангудын мэдэлд байв.  Хар хот нь Монголын их хаадын сонирхолыг ямагт татсан цэрэг стратегийн түшиц гол хотуудын нэг байсан бөгөөд Чингис, Өгөөдэй, Мөнх хаадын өмнө зүгт хийсэн аян дайны гол түшиц газар байв. 1227 онд Чингис Тангуд улсыг дайлаар мордохдоо Хар хотод их цэргийн хүрээг байгуулж байв. Энэ цагаас Хар хот нь 145 жилийн туршид Монголчуудын хяналтан дор байжээ.  Хар хот нь элсэн цөлийн дундах ногоон арал байжээ.  Орчин нутаг нь үржил шимтэй нүүдэлчдэд их тааламжтай нутаг байв.  Монголын эзэнт улсын үед (1280-1368 он Юанийн үе) Хар хот нь Хархорум, Хами, Шанд хотуудыг холбосон чухал дамжлага болж байжээ. Тэр үед Хар хот дамжлагын чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай Марко Поло бичихдээ "Эндээс дөчин өдрийн хүнс төхөөрч гараад хойт зүг чиглэн дөчин хоногийн турш орон байр, айл хүнгүй талаар аялан явна" гэж бичсэн байдаг.

Нийтэлсэн : Admin | Уншсан (256) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ноён уулын булш

2010-05-19 20:13:43

  Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм.  Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг.  Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв.  Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ.  Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ.  Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү, Хан гүрэн хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ. 

Нийтэлсэн : Admin | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Буган чулуун хөшөө,хөшөөдийн тухай

2010-05-19 19:38:05

Уушигийн өврийн буган чулуу, хөшөө Буган хөшөө: Буган хөшөө бол эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэлийн зориулалттай дурсгал агаад он цагийн хувьд МЭӨ V мянганаас МЭӨ I-ны үед холбогдоно гэж судлаачид ерөнхийлэн үздэг.  Буган хөшөөд Монгол улсын ихэнхи нутаг, ОХУ-ын Тува, Байгал нуурын өвөр бие нутгаар өргөн тархсан байдаг ба энэ бүс нутагт 700 орчим буган хөшөө чулуу байгаагийн 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө нь анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү үе гэхэд Монгол нутаг даяар тархаж, цаашдаа одоогийн Тува, Байгал нуурын өвөр бие, Казахстан, Дундад Ази, Оренбург муж, Умард Кавказ, Германы нутаг дэвсгэр Эльба мөрний сав газар хүртэл тархсан байдаг нь Төв Ази тэр дундаа Монгол нутагт нутаглаж байсан нүүдлийн соёл иргэншилт овог аймгуудын түүх, соёлын давалгааны цар хүрээг яах аргагүй илтгэж байдаг.  Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт  нэг юмуу хоёр том дугуй,  эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад  доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс  гадна цөөн тохиолдолд  адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, "тагнай хээтэй таван талт дүрс" зэргийг сийлсэн  байдаг.  Мөн огт амьтны дүрслэлгүй зөвхөн бүс , зэр зэвсэг дүрсэлсэн хөшөө ч бий. Иймэрхүү сонгодог дүрслэл нь ихэнхи буган хөшөө чулуунд ажиглагдаж байдаг. Буган чулууны бугын дүрсийг бодит байдлаар дүрсэлдэг бөгөөд зарим буган чулуунд бугын оронд буюу буга дүрсэлсэн зай завсарт нь адуу, зээр, янгир, гахай, шувуу, ирвэс зэрэг амьтдыг дүрсэлсэн байх нь тааралдаж байдаг. Энэхүү дүрслэлийн ялгаанд нь түшиглэн Оросын судлаач Волков буган чулуун хөшөөг
1.    Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
2.    Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө
3.    Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.

Нийтэлсэн : Admin | Уншсан (56) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Баянзүрхийн буган хөшөө цогцолбор

2010-05-19 19:32:36

Баянзүрхийн буган хөшөө Баянзүрхийн бугат хөшөө нь Монгол баруун хэсэгт буй хамгийн томд тооцогдох цогцолбор дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг бугат хөшөө, олон тооны булш хиргисүүр байдаг.  Баянзүрхийн буган чулуун хөшөөдийн ихэнхид нь бугыг гоёмсог байдлаар дүрсэлнээс гадна 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга болон бусад зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн байдаг. Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой дүрслэл нь 5 өнцөгтийн дүрс болно. Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Ховд хотоос 185 км, Мөст сумаас 50 орчим км-т, Бага Улаан даваагаар давж Бодончийн хавцал руу уруудах зам дээр байна.  Үенч, Бодончийн хавцлаар явж буй зорчин явагсад буугаад үдлэхэд тохиромжтой газар.

Нийтэлсэн : Admin | Уншсан (300) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цонжийн чулуу

2010-05-19 19:27:10

Цонжийн чулуу

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх  хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий.  Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй.  Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг.  Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш. Гэхдээ байгалийн энэхүү өвөрмөц тогтоц цөөнгүй газарт бий, миний мэдэхээр Хойд Ирланд, Солонгосын Чежу аралд байдаг.  Олон улсад байгалийн энэхүү тогтоцыг hexagonal rock  буюу зургаан талт чулуу гэдэг.  Нутгийнханы аман яриагаар Цонжийн чулууны чулууг дээр үед хятадууд урагшаа зөөдөг байсан гэдэг. Цонжийн чулуунаас холгүй Хамбын ширээ гэж нэг жижиг толгой бий. Энэ толгойд үнэрт хамба шарилж ургана. Энэ шарилжийг Хамба Зундуй гэдэг хүн хятадаас захиж авчруулан тарьж ургуулсан гэдэг яриа бий. GPS: N 45° 58' 55.2", E 111°26' 10.6". Дэлгэрэх сумаас Түвшинширээ сум орох замын ойролцоо бий.  Дэлгэрэх сумаас 22 орчим километр бий.

 

Нийтэлсэн : Admin | Уншсан (256) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мэргэн тоньюкукын цогцолбор

2010-05-19 19:17:46

Тоньюкукын дурсгал

Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 километрт оршино. 1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги гарчээ. Мөн шал нь битүү тоосгоор өрөгдсөн, вааран дээвэртэй байсан нь тодорхой болсон. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будсан байсан. Олон ваар сав олдсоны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай байжээ. Барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байсан.

Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг. 

Эртний Түрэгчүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл зохион байгуулж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Онгоны зохион байгуулалт нь дөрвөлжин хавтангаар хашлага босгоод өмнө нь хүн чулуу байрлуулж, хөшөөний өмнөөс уулын бэл хүртэл олон цагаан чулууг босгосон байдаг. Ингэж чулуу босгодог утга учрыг судлаачид хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь, онгоны эзэн эрийн дайн тулаанд алж устгасан дайсны тоогоор босгодог. Хоёр дахь таамаг нь, уг хүнийг оршуулах болон тахиж тайх ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон билэг тэмдэг гэж үздэг.

 

Нийтэлсэн : Admin | Уншсан (137) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй